Цагаан зээрийн өдөртэй болохоор санал нэгдлээ
Монгол орны зүүн бүс бол цагаан зээрийн өлгий нутаг. Сүүлийн үед цагаан зээрийн тоо толгой цөөрч байгаа нь бүс нутгийн хэмжээнд тулгамдсан асуудлын нэг болж буй. Энэ нь хадлангийн бүс нутгийн зохисгүй хуваарилалт, тал хээрийн түймэр, хууль бус агнуур гээд олон зүйлтэй холбоотой. Тиймээс нэн түрүүнд аймгууд хамтарч урьдчилан сэргийлэх ажлыг бодлогын хүрээнд хийх хэрэгтэй гэдэгт орон нутгийн шийдвэр гаргагчид санал нэгдэж байлаа.
Экоклубын сурагчдын экологийн мэдлэг, идэвхи санаачилга улам сайжирч байгаа нь энэ удаагийн уулзалтаар харагдлаа. Тэд цагаан зээрт тулгараад байгаа олон асуудлыг орон нутгийн шийдвэр гаргагчдад танилцуулж, асуудлыг хамтран шийдвэрлэх боломжуудыг онцолсон юм. Уулзалтын үеэр хүүхдүүд сонирхолтой олон баримт дурьдаж байв. Жишээ нь, Дорнод аймгийн сүлдэнд цагаан зээр байдаг ч иргэд нь цагаан зээрийг агнаж хүнсэндээ хэрэглэсээр байгаа нь ёс зүйд нийцэхгүй, тиймээс үүнийг ойлгуулсан нутгийн иргэдэд хандсан сурталчилгаа хийх хэрэгтэй гэсэн санааг экоклубын сурагчид гаргаж байв.
Уулзалтын төгсгөлд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн удирдлагууд цагаан зээрийн хууль бус агнууртай тэмцэх хамтын ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө гаргах, цагаан зээрийн тэмдэглэлт өдөртэй болох тал дээр санал нэгдлээ.