Экоклубын багш нар ололт, амжилтаа хуваалцлаа | WWF

Экоклубын багш нар ололт, амжилтаа хуваалцлаа



Posted on 03 September 2019
Энэ удаагийн уулзалтаар экоклубын багш нар шинээр байгуулагдаж буй эко клубуудын багш нарт өөрсдийн туршлага, ололт амжилтаа танилцуулсан нь онцлогтой байв.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар байгаль хамгаалалд хүүхдүүдийг татан оролцуулахад анхаарал хандуулан ажилладаг бөгөөд энэ хүрээнд байгаль хамгаалах сурагчдын экоклубыг дэмждэг. Экоклубын үйл ажиллагаа тогтвортой, амжилттай байхад багш нарын үүрэг оролцоо маш чухал байдаг. Ийм учраас  Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар экоклубын багш нарын чадавхийг дээшлүүлэхэд анхаарч хамтарсан сургалт, уулзалтыг тогтмол зохион байгуулдаг. Энэ ажлын хүрээнд  Онон голын  сав  газрын сумдын байгаль  хамгаалах экоклубын багш нарын уулзалтыг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар талуудтай хамтран  зохион байгууллаа.  Уулзалтад  Хэнтий аймгийн ерөнхий боловсролын 25 сургуулийн экоклубын багш нараас гадна аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хэрлэн голын СГЗ-ны төлөөллүүд оролцлоо.   
Энэ удаагийн уулзалтаар экоклубын багш нар шинээр байгуулагдаж буй эко клубуудын багш нарт өөрсдийн туршлага, ололт амжилтаа танилцуулсан нь онцлогтой байв. Экоклубын багш нар сонирхолтой олон илтгэл тавьсан бөгөөд үүнээс экоклубтэй байхын ач холбогдол, “Хоггүй Хэрлэн гол” аянд сурагчид хэрхэн амжилттай оролцсон талаархи мэдээлэл залуу багш нарын сонирхлыг татлаа.  
Тогтвортой хөгжлийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд экоклубын үйл ажиллагаа маш чухал учир  аймгийн бүх сумдын сургуулиуд байгаль  хамгаалах экоклубтэй болохоор санал нэгдэж үйл ажиллагааныхаа жилийн төлөвлөгөөг аймгийн Боловсрол, соёлын газарт ирүүлсэн байхаар тохиролцсон байна. Түүнчлэн экоклубын сурагчдыг харилцан туршлага судлуулах, багш нарын мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарч ажиллахаар боллоо.  
Экоклубын үйл ажиллагаа амжилтад хүрэхэд орон нутгийн удирдлагын дэмжлэг их чухал байдаг.Тиймээс Боловсрол, соёлын газрын мэргэжилтнүүд экоклубуудын хийсэн ажил, ололт, амжилтыг  аймгийн удирдлагуудад  тухай  бүрт нь танилцуулж хамтран ажиллахаар боллоо.     
Энэ удаагийн уулзалтаар экоклубын багш нар шинээр байгуулагдаж буй эко клубуудын багш нарт өөрсдийн туршлага, ололт амжилтаа танилцуулсан нь онцлогтой байв.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge