Онон голын сав газарт ойг талуудын идэвхтэй оролцоотойгоор хамгаалж байна | WWF

Онон голын сав газарт ойг талуудын идэвхтэй оролцоотойгоор хамгаалж байна



Posted on 19 July 2019
Зохион байгуулагчдын ярьснаар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийт 60 га газарт мод тарьсан бөгөөд ургалт сайн байна.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар Онон голын сав газрын ойг хамгаалах, ойн доройтлыг бууруулах, нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийг хэрэгжүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд  Онон голын сав газарт явагдаж байгаа ой хамгааллын  үр дүнг тодорхойлж, талуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Ойн талуудын уулзалтыг Хэнтий аймгийн Баян-Адрага суманд 2019 оны 5-р сарын 13-нд зохион байгууллаа.        
Уулзалтад Хэнтий аймгийн БОАЖГ, Онон голын сав газрын 7 сумдын удирдлага, ойн анги, ойн нөхөрлөлүүд, Онон голын нөхөрлөлүүдийн нэгдсэн холбоо, иргэдийн төлөөллөөс бүрдсэн нийт 46 хүн оролцов. Уулзалтын үеэр талууд өнгөрсөн хугацаанд ой хамгааллын талаар хийсэн ажлаа танилцуулж,  харилцан туршлага солилцов. Мөн хүндрэл, бэрхшээл, ололт амжилтаа хэлэлцлээ.
 Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын хувьд “МОД ДАГАЖ УС, УС ДАГАЖ АМЬДРАЛ” аяныг санаачилж, талуудтай хамтран 2017 оноос хэрэгжүүлж байгаа билээ. Аяны зорилго нь, Онон голын сав газрын ойг хамгаалах, байгальд ээлтэй ногоон бизнесийг дэмжих замаар нутгийн иргэдийн амьжиргааны эх үүсвэрийг нэмэгдүүлж ногоон хөгжлийн загвар бүс нутаг болгох явдал юм. Зохион байгуулагчдын ярьснаар  өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийт 60 га газарт мод тарьсан бөгөөд ургалт сайн байна.   
Аяны хүрээнд хээрийн түймэр, хууль бус мод бэлтгэлийг бууруулах зэрэг олон ажлыг талуудын оролцоотой хийж байгаа юм. Талууд идэвхтэй ажилласны үр дүнд сав газрын хэмжээнд ой хээрийн түймэр 72.4 хувиар, хууль бус мод бэлтгэл 37,7 хувиар буурсан байна. Уулзалтад оролцогсод энэ аяны үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, олон нийт, аж ахуйн нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатайг онцолсон юм.
Түүнчлэн Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар нөхөрлөлүүдийн үйл ажиллагааны  чадавхийн үнэлгээг хийжээ. Үнэлгээ хийхдээ гишүүдийн оролцоо, хууль эрхзүйн мэдлэг, засаглалын чадавхи, дундын сан, орлого, хамтын ажиллагаа зэргийг голчилсон байна. Нөхөрлөлийн менежментийн үр ашигт байдал 69.1 хувьтай үнэлэгдсэн нь 2016 оныхтой харьцуулахад 11.5 хувиар өссөн байна. Хэдийгээр тодорхой хэмжээний өсөлт гарсан ч  цаашид анхаарах, сайжруулах олон асуудал байгааг уулзалтад оролцогчид онцолж, тодорхой асуудлуудаар санал, зөвлөгөө өглөө.
Уулзалтын төгсгөлд ой хамгаалал, ойн менежментийг эрчимжүүлэх чиглэлээр талуудад хандаж зөвлөмж гаргажээ. Зөвлөмжийн зорилго нь, талуудын оролцоо, хамтын үйл ажиллагааг сайжруулахад чиглэж байгаа юм.      
Зохион байгуулагчдын ярьснаар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийт 60 га газарт мод тарьсан бөгөөд ургалт сайн байна.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge