Зуны зуслан цугларалтад сурагчид идэвхтэй оролцлоо | WWF

Зуны зуслан цугларалтад сурагчид идэвхтэй оролцлоо



Posted on 18 July 2019
Зуны зуслан цугларалтын үеэр сонирхолтой олон арга хэмжээ болов.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар байгаль хамгаалалд хүүхдүүдийг татан оролцуулахад анхаарал хандуулан ажилладаг бөгөөд энэ хүрээнд байгаль хамгаалах сурагчдын эко клубыг дэмждэг. Үүний нэг хэлбэр нь зуны зуслан цугларалт бөгөөд Нутгийн зүүн бүсэд 2011 оноос эхлэн ОББЦГ-ын хамгаалалтын захиргаатай хамтран зохион байгуулж байгаа билээ.   
Зуслан цугларалтын зорилго нь экоклубын сурагчид харилцан туршлага солилцох, Онон голын сав газрын байгалийн сайхантай танилцах, байгаль орчныг судлах энгийн арга зүйд сургах, экоклубын үйл ажиллагааг идэвхжүүлэхэд оршдог. Энэ жилийн  зуслан цугларалтыг  зургадугаар сарын 20-23-нд Хурхийн голын эрэг дээр зохион байгуулж Онон голын сав газар  болон Хар Ямаатын байгалийн нөөц газрын нийт 10 сумдын экоклубын 90 сурагч, багш нарын хамт оролцлоо. Экоклубын сурагчид өнгөрсөн нэг жилийн хугацаанд байгаль хамгаалах чиглэлээр хийсэн ажлаа танилцуулж, туршлага солилцов. Мөн хүндрэл, бэрхшээл, ололт амжилтаа хэлэлцлээ.  
Тэд өнгөрсөн хугацаанд цөөнгүй ажил санаачилж хэрэгжүүлсэн нь үр дүнд хүрчээ. Тэдгээрээс цагаан зээр хамгаалалтай холбоотой санаачилга оролцогчдын сонирхлыг татлаа. Сурагчид цагаан зээр хамгааллын ажилд тулгарч байгаа бэрхшээл, ялангуяа хууль бус агнуурыг бууруулахад анхаарал хандуулах шаардлагатай байгаа талаар шийдвэр гаргагчдад тодорхой санал хүргүүлжээ. Орон нутгийн удирдлага сурагчдын саналыг хүлээн авч цагаан зээр хамгаалалд анхаарал хандуулахаар болсон нь амжилт байв.      Зуны зуслан цугларалтын үеэр сонирхолтой олон арга хэмжээ болов. Багш нар энэ удаа хамтын оролцооны  болон хөгжөөнт тоглоомын аргаар сурагчдын экологийн боловсролыг  нэмэгдүүлэхэд анхаарсанд сурагчид сэтгэл хангалуун байлаа. Ялангуяа хэрхэн бизнес төсөл бичих, амжилттай хэрэгжүүлэх боломжуудын талаархи сургалтад сурагчид идэвхтэй оролцож байв. Ийнхүү экоклубын сурагчид өнгөрсөн нэг жилийн хугацаанд санаачилж, хийсэн ажлаа бусдадаа танилцуулж, туршлагаа хуваалцан, экологийн мэдлэгээ дээшлүүлсэн  үр дүнтэй цугларалт боллоо.
 
Зуны зуслан цугларалтын үеэр сонирхолтой олон арга хэмжээ болов.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge