Залуучууд байгаль хамгаалалд идэвхтэй оролцож байна | WWF

Залуучууд байгаль хамгаалалд идэвхтэй оролцож байна



Posted on 10 July 2019
Энэ удаа аялал хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд нутгийн малчин залуус зөвхөн морь хөлөглөж оролцсоноороо онцлог байв.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Монголчууд эрт дээр үеэс байгаль, зэрлэг амьтдаа хайрлан хамгаалж ирсэн арвин уламжлалтай боловч энэ уламжлал одоо цагт алдагдаад байгаа билээ. Тиймээс Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь  хөтөлбөрийн газар энэ уламжлалыг сэргээх, байгаль хамгаалалд залуусыг татан оролцуулах зорилгоор шат дараалсан кампанит ажлыг нутгийн баруун хэсэгт зохион байгуулж байна.      
Малчин залуусын морин аялал               
Энэ кампанит ажлыг ховор зэрлэг амьтдын үнэ цэн болон байгаль хамгаалах уламжлалыг залуу үедээ таниулах зорилготойгоор тусгай хамгаалалттай Мөнххайрхан ууланд 2019 оны зургадугаар сард зохион байгууллаа. Мөнххайрхан уул нь Ховд аймгийн Мөнххайрхан, Булган,Үенч, Баян-Өлгий аймгийн Булган сумдын нутагт оршдог бөгөөд эдгээр сумдын малчид нь газар зүйн онцлогоосоо хамаарч бэлчээрээ хамтран хамгаалах шаардлагатай байдаг юм. Энэ удаа аялал хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд нутгийн малчин залуус зөвхөн морь хөлөглөж оролцсоноороо онцлог байв. Зохион байгуулагчдын ярьснаар 30 залуу аялалд нэгдсэн бөгөөд тэд 80 км газар мориор аялж нутгийнхаа байгалийн сайхантай танилцахын зэрэгцээ байгаль хамгааллын цөөнгүй бүтээлч ажил  хийсэн байна.   
Тэд давааны замыг засч, малчид зун бүр зусдаг нуурын орчны хогийг цэвэрлэсэн байна. Орой бүр аялагчдын дунд Байгаль орчны тухай хууль, журам, зэрлэг амьтдын талаар асуулт хариултын тэмцээн зохион байгуулсан бөгөөд залуус идэвхтэй оролцов. Мөн байгалиа хамгаалж ирсэн ардын уламжлалыг нутгийн ахмад, туршлагатай малчдаар яриулж, тайлбарлуулсан нь залуусын сонирхлыг татлаа.          
“Энэ аялалд оролцсоноор байгаль хамгаалах ардын уламжлал, Мөнххайрхан уулынхаа үзэсгэлэнт байгальтай танилцсандаа сэтгэл хангалуун байна. Мөн Байгаль орчны хууль, журмын талаар ойлголттой боллоо. Ийм аяллыг санаачилан зохион байгуулж залуучууд биднийг байгаль хамгаалалд уриалан дуудсан Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь  хөтөлбөрийн газарт баярлалаа” хэмээн залуус ярьж байлаа.    
Залуус биотехникийн арга хэмжээнд оролцлоо
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь  хөтөлбөрийн газар Ховд аймгийн Чандмань, Дарви, Манхан, Зэрэг сумын залуучуудын холбоотой хамтран “Зэрлэг амьтанд ээлтэй зуслан” залуучуудын уулзалтыг 2019 оны тавдугаар сард амжилттай зохион байгууллаа. Уулзалтад 18-35 насны залуучууд оролцож нутгийнхаа байгаль хамгаалалд хэрхэн хувь нэмрээ оруулах талаар илэн далангүй ярилцаж, харилцан туршлага солилцлоо. Уулзалтыг илүү үр бүтээлтэй болгохын тулд залуусаар байгаль хамгааллын ажил хийлгэв. Тухайлбал, залуус зарим ууланд аргаль, янгир, тарвага зэрэг зэрлэг амьтдад зориулж давс, хужир тавих зэргээр биотехникийн арга хэмжээнд оролцлоо. Мөн зэрлэг амьтдыг судлах зорилгоор автомат камер суурилуулахад оролцсон бөгөөд идэвхитэн байгаль хамгаалагч нар зуны туршид үүнд ажиглалт, судалгаа хийх юм.
 
Энэ удаа аялал хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд нутгийн малчин залуус зөвхөн морь хөлөглөж оролцсоноороо онцлог байв.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge