Алтай Соёны бүс дэх гурван улсын ТХГН-уудын туршлага солилцох уулзалт амжилттай боллоо | WWF

Алтай Соёны бүс дэх гурван улсын ТХГН-уудын туршлага солилцох уулзалт амжилттай боллоо



Posted on 22 May 2019
Уулзалтын үеэр 3 орны төлөөлөгчид уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээний талаар хэлэлцсэн бөгөөд хэрэгжүүлж болохуйц үйл ажиллагааны талаар өөрсдийн туршлага, мэдлэг, мэдээллээ солилцов.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Алтай Соёны бүс дэх Монгол, Хятад, ОХУ-ын хил орчмын тусгай хамгаалалттай газар нутгуудын  хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамгаалалтын захиргаадын мэргэжилтнүүдийн чадавхийг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох нь маш чухал байдаг. Тиймээс Дэлхийн байгаль хамгаалах сангаас санаачилан хөтөлбөрийг хэрэгжүүлэгч орнууд хамтран туршлага солилцох уулзалтыг зохион байгуулахаар болж эхний уулзалтыг 2018 оны 11-р сарын 15-18-нд ОХУ-ын Салюгемийн БЦГ-т “Биологийн төрөл зүйлийн мониторинг судалгааны арга зүй” сэдвээр зохион байгуулсан билээ.
Харин хоёр дахь уулзалтыг  Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран 2019 оны 5-р сарын 15-17-нд Хустайн нурууны БЦГ-т зохион байгууллаа. Энэ удаагийн уулзалтаар Алтай Соёны бүс дэх ТХГН-уудын менежментийн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг үнэлэх арга зүй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, нөлөөллийг сааруулах талаар хэрэгжүүлж буй арга хэмжээ, тэдгээрийг төлөвлөлтөд хэрхэн тусгаж байгаа талаараа туршлагаа хуваалцлаа.
Түүнчлэн байгаль хамгааллын төлөвлөлтийн Нээлттэй стандарт (Open standard), уур амьсгалын өөрчлөлтийг ТХГН-ийн төлөвлөлтөд тусгах арга зүй (CAMPA – Climate adaptation methodology for protected area)-д суралцах, чадавхиа сайжруулах, харилцан туршлагаа хуваалцсан уулзалт боллоо. Уулзалтын үеэр 3 орны төлөөлөгчид уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээний талаар хэлэлцсэн бөгөөд хэрэгжүүлж болохуйц үйл ажиллагааны талаар өөрсдийн туршлага, мэдлэг, мэдээллээ солилцов. Оролцогчид уулзалтад сэтгэл хангалуун байсан бөгөөд цаашид ийм уулзалтыг жил бүр зохион байгуулах, ингэхдээ хугацааны хувьд арай урт байхаар хийх нь туршлагаа хуваалцан, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд илүү тохиромжтой гэсэн санал гаргаж байлаа.
 
Уулзалтын үеэр 3 орны төлөөлөгчид уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээний талаар хэлэлцсэн бөгөөд хэрэгжүүлж болохуйц үйл ажиллагааны талаар өөрсдийн туршлага, мэдлэг, мэдээллээ солилцов.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge