Хар Ямаатын БНГ-ын хамгааллын менежментэд талуудын оролцоо нэмэгдэж байна | WWF

Хар Ямаатын БНГ-ын хамгааллын менежментэд талуудын оролцоо нэмэгдэж байна



Posted on 28 January 2019
Хар Ямаатын БНГ-т байгаль хамгааллын менежментийн таван жилийн төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлж дууслаа.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Хэнтий, Сүхбаатар аймгийн удирдлагатай байгуулсан гэрээний дагуу Хар Ямаатын байгалийн нөөц газрын Хамгаалалтын захиргааны менежментийг 2014 оноос хариуцан ажиллаж байгаа билээ.Үүний хүрээнд байгаль хамгааллын ажил үргэлжилж байна.
Хар Ямаатын БНГ-ын менежментийн төлөвлөгөөг баталлаа      
Хар Ямаатын БНГ-т байгаль хамгааллын менежментийн таван жилийн төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлж дууслаа. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Амар Хейлоны бүсийн менежер Б.Мөнхчулууны ярьснаар өнгөрсөн таван жилийн хугацаанд нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалалд анхаарал хандуулан ажиллажээ. Түүнчлэн тусгай хамгаалалттай газар нутгийн үнэ цэнэ, ач холбогдлын талаархи нутгийн иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, орчны бүсийн сумдын иргэдэд байгальд ээлтэй амьдрах дадал хэвшил, байгаль хамгаалах уламжлалт арга ухаан, ёс заншлыг сэргээн таниулахад чиглэсэн олон ажил хийсэн байна. 
Энэ асуудлыг болон зэрлэг амьтан хамгаалал, бэлчээр зэрэг олон асуудлыг 2019-2023 онд хэрэгжүүлэх менежментийн төлөвлөгөөний төсөлд тусгажээ. Шинэ төлөвлөгөөг бүх талуудын оролцоотойгоор боловсруулсан байна.Улмаар менежментийн төлөвлөгөөг Хэнтий, Сүхбаатар аймгийн ИТХ-ын төлөөлөгчид санал нэгтэй  баталж 2019-2023 онд хэрэгжүүлэхээр боллоо.   
Оюутны эрдэм шинжилгээний бага хурал болов   
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар МУИС-ийн Шинжлэх ухааны их сургуультай хамтран 2018 оны 12 сард  оюутны эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус хурлын үеэр Хар Ямаатын БНГ-т хийгдэж буй судалгааны ажлуудаас Жижиг мэрэгчид, ургамлын төлөв байдал, бэлчээрийн төлөв байдал, сөөглөг ургамлын төлөв байдал зэрэг цогц судалгааны ажлын тайлан, үр дүнг хэлэлцсэн нь оролцогчдын анхаарлыг их татлаа. Түүнчлэн Байгаль орчны эсрэг хууль бус үйл ажиллагаатай тэмцэх, бууруулах чиглэлд Дэлхийн байгаль хамгаалах сангийн хэрэгжүүлсэн ажлын үр дүнгийн илэрхийлэл болж анх удаа Хууль сахиулахын их сургуулиас судлаач оюутнууд оролцож өөрсдийн салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх боломжийн талаар илтгэлээ.
Хар Ямаатад мод тарилаа
Хар Ямаатын  байгалийн нөөц газрын байгаль хамгаалагч нар нутгийн иргэдтэй хамтран Баян-Овоо сумын ууланд 70 ширхэг улиас, 30 ширхэг монос тарилаа.  Ажиллах хугацаанд 2 тн ус тээвэрлэж, шинээр тарьсан болон өмнө тарьсан модыг бүрэн усалж ойр орчмын хаягдал модыг цэвэрлэсэн байна. Мөн  идэвхтэн байгаль хамгаалагч нарт ажлын хувцас хүлээлгэн өглөө. Сүүлийн жилүүдэд залуучууд идэвхтэн байгаль хамгаалагч болж байгаль, зэрлэг амьтнаа хамгаалах хүсэлтээ илэрхийлэх нь нэмэгдсэн байна.
 
Хар Ямаатын БНГ-т байгаль хамгааллын менежментийн таван жилийн төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлж дууслаа.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge