Онон голын сав газрын загасчдын клубынхан Мэдээллийн сүлжээ байгуулахаар санал нэгдлээ | WWF

Онон голын сав газрын загасчдын клубынхан Мэдээллийн сүлжээ байгуулахаар санал нэгдлээ



Posted on 15 January 2019
Хэдийгээр хууль бус загасчлалыг бууруулах чиглэлд тодорхой ажил хийж байгаа ч зөрчил буурахгүй байгаад санаа зовниж байгаагаа загасчдын клубын гишүүд хэлж байв.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар Онон голын сав газрын загасчдын клубын үйл ажиллагааг дэмжин ажилладаг билээ. Энэ хүрээнд олон ажил хийгдэж байгаагийн нэг нь загасчдын клубын гишүүдийн уулзалт юм. Уулзалтыг Онон голын сав газрын 6 сум тус бүрт зохион байгууллаа. Энэ удаагийн уулзалтаар сумдын загасчдын клубын 2017-2018 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж 2019 оны ажлын төлөвлөлтийг хийсэн байна.
Загасчдын клубынхан нэг жилийн хугацаанд чамлахааргүй олон ажил хийж амжуулжээ. Тэд хууль бус загасчлалын хор холбогдлын талаар нутгийн иргэдэд сурталчилсан төдийгүй голын эрэг дагуу эргүүл хяналтын ажил хийсэн байна. Үүний үр дүнд цөөнгүй хэрэг зөрчил илрүүлжээ. Хэдийгээр хууль бус загасчлалыг бууруулах чиглэлд тодорхой ажил хийж байгаа ч зөрчил буурахгүй байгаад санаа зовниж байгаагаа загасчдын клубын гишүүд хэлж байв. Тиймээс Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг илрүүлэх зорилготой Мэдээллийн сүлжээ байгуулахаар санал нэгдлээ. Эхний ээлжинд найдвартай мэдээлэгч нарыг сонгох, хэрхэн урамшуулах талаар судлах болов.   
Түүнчлэн Онон голын сав газрын загасчдын клубын гишүүд Онон, Балж голуудын загас агнуурын бүс нутагт тэмдэгжүүлэлт хийсэн байна. Энэ  ажлыг хийснээр  загас агнуурын бүс нутгийн талаархи иргэдийн ойлголт сайжирна гэдэгт итгэлтэй байгаагаа загасчдын клубын гишүүд хэлж байлаа.
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд энэ удаа зөвхөн клубын гишүүдтэй уулзалт хийсэнгүй. Загас барих зөвшөөрлийг хэрхэн цахимаар (EZAGAS.MN) авах талаар орон нутгийн цагдаа, байгаль хамгаалагч нарт сургалт явууллаа. Цахимаар зөвшөөрөл олгох энэ системийг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар Онон голд туршиж байгаа билээ. 
 
Хэдийгээр хууль бус загасчлалыг бууруулах чиглэлд тодорхой ажил хийж байгаа ч зөрчил буурахгүй байгаад санаа зовниж байгаагаа загасчдын клубын гишүүд хэлж байв.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge