Цас, мөсний баярыг байгальд ээлтэйгээр тэмдэглэв | WWF

Цас, мөсний баярыг байгальд ээлтэйгээр тэмдэглэв



Posted on 05 March 2018
Олон хүн цуглахаар хогны асуудал бэрхшээл болж гарч ирдэг. Тэгвэл энэ удаа тийм бэрхшээл гарсангүй. Оролцогчид дор бүрнээ хогоо цэвэрлэж цас, мөсний баярыг байгальд ээлтэйгээр тэмдэглэж чадлаа.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Олон нийтэд мэдлэг, мэдээлэл өгч  ухамсар, дадал заншилд нь нөлөөлж чадах сурталчилгааны ажил их чухал байдаг. Олон нийтэд нөлөөлөх ийм ажлын нэг бол  “Мөнгөлөг шагшуурга” буюу цас, мөсний баяр юм. Анх 2009 онд зохион байгуулж байсан энэ арга хэмжээ эдүгээ  Алтай Соёны бүс нутаг дахь Ховд аймаг төдийгүй баруун аймгуудын иргэдийн хүсэн хүлээдэг баяр  болжээ.
Энэ баярыг улсын тусгай хамгаалалтай Хар ус нуурын мөсөн дээр тэмдэглэдэг. “Мөнгөлөг шагшуурга”-ын түүх ч сонин. Олон төрлийн усны ховор шувуу зусдаг энэ гайхамшигт нууранд борцгор хотон ирэхээ болиод цөөнгүй жил болсон байжээ. Харин Хар ус нуурын Цагаан голын 63 арлыг 4 сарын 20-ноос 11 сарын 20 хүртэл малаас чөлөөлдөг болсноор 10 гаруй жил үзэгдээгүй хотон шувуу нуурандаа буцан ирсэн юм.    
Энэ үйл явдлыг тохиолдуулан олны анхаарлыг татсан арга хэмжээ зохиох санаачилгыг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан гаргаж 2009 оны арванхоёрдугаар сарын 9-нд Хар ус нуурын хөвөөнд цас мөсний баярыг нутгийн иргэд болон Хамгаалалтын захиргаатай хамтран зохион байгуулсан түүхтэй. Байгаль хамгаалалд чиглэсэн энэ ажил тэр даруй иргэдийн талархлыг хүлээж дараа жилээс нь хүрээгээ тэлж жил бүр зохиогддог болсон юм.
Энэ жилийн  “Мөнгөлөг шагшуурга”-ийг 2018 оны хоёрдугаар сард уламжлал ёсоор Хар ус нуурын мөсөн дээр тэмдэглэлээ. Арга хэмжээнд Ховд аймгийн бүх сум, зарим аймгийн иргэд оролцов. Нээлтийн ёслолд сум тус бүр өөрсдийн онцлогыг харуулсан үндэсний хувцас өмсч жагссан нь сонирхолтой үзүүлбэр байж чадав. Бас ховор амьтдыг мөсөөр хийж тухайн амьтны онцлогыг харуулсан тайлбартайгаар байрлуулсан нь иргэдэд мэдлэг өгсөн оновчтой ажил болсон байна. Цас мөсний баярын үеэр мөсний шагай, спорт тоглоом, “Дээлтэй монгол” арга хэмжээ болов.
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын хувьд энэ удаа байгаль, ховор амьтнаа хамгаалахын ач холбогдол, иргэд үүнд ямар үүрэгтэй оролцох талаар ухуулан таниулж байлаа. Зохион байгуулагчдын ярьснаар “Мөнгөлөг шагшуурга”-д 18 мянга гаруй хүн оролцсон нь энэ арга хэмжээ жил ирэх тусам олны хүсэн хүлээдэг баяр болсны нотолгоо юм. Өмнөх арга хэмжээнд 10 мянга гаруй хүн оролцож байжээ. Олон хүн цуглахаар хогны асуудал бэрхшээл болж гарч ирдэг. Тэгвэл энэ удаа тийм бэрхшээл гарсангүй. Оролцогчид дор бүрнээ хогоо цэвэрлэж цас, мөсний баярыг байгальд ээлтэйгээр тэмдэглэж чадлаа.         
 
Олон хүн цуглахаар хогны асуудал бэрхшээл болж гарч ирдэг. Тэгвэл энэ удаа тийм бэрхшээл гарсангүй. Оролцогчид дор бүрнээ хогоо цэвэрлэж цас, мөсний баярыг байгальд ээлтэйгээр тэмдэглэж чадлаа.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge
Мөсөөр хийсэн ирвэсийн хөшөө
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge
"Дээлтэй Монгол" наадам
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge