“ӨРХ БҮР ЖИМСНИЙ АЖ АХУЙТАЙ БОЛЦГООЁ” аян амжилттай үргэлжилж байна | WWF

“ӨРХ БҮР ЖИМСНИЙ АЖ АХУЙТАЙ БОЛЦГООЁ” аян амжилттай үргэлжилж байна



Posted on 05 January 2018
Аяны хүрээнд эхний жилд нийт 305 өрх айлд төрөл бүрийн жимсний суулгац тараасан бөгөөд жимсний модыг хэрхэн тарих тухай анхан шатны зөвлөмж бүхий брошур тараасан юм.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар Монгол орны зүүн бүс нутагт нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн хамтын менежментийг хэрэгжүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байгаа билээ. Энэ үүднээс  Онон голын сав газрын сумдад “Өрх бүр жимсний аж ахуйтай болцгооё” аяныг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Нутгийн иргэд өөрсдөө жимс, жимсгэнэ тарьдаг болсоноор амжиргааны тогтвортой эх үүсвэртэй болж, улмаар байгалийн баялагийн тогтвортой ашиглалт бий болох эхлэл тавигдаж байна гэж аяныг зохион байгуулагчид ярьж байгаа юм. Ойг, ойн баялгийг хамгаалахад чухал нөлөө үзүүлэх учир энэ аяныг нутгийн иргэд дэмжиж, идэвхтэй оролцож байна.    
Аяны хүрээнд эхний жилд нийт 305 өрх айлд төрөл бүрийн жимсний суулгац тараасан бөгөөд жимсний модыг хэрхэн тарих тухай анхан шатны зөвлөмж бүхий брошур тараасан юм. Туршлага дутах, тарилтын технологи алдагдсаны улмаас эхний жилд жимсний модны ургалт тааруу байсан бол мэргэжилтнүүдийн заавар зөвлөгөө, иргэдийн хичээл зүтгэлийн ачаар 2017 онд ургалт сайн байгаа аж. “Жимсний мод тарьж, ургуулна гэдэг амар ажил биш юм байна. Яах аргагүй мэргэжилтнүүдийн зөвлөгөө их хэрэгтэй юм билээ. Хэрвээ өрх бүр хашаандаа жимсний мод тарьдаг болчихвол ойгоос жимс түүх шаардлагагүй болно. Тэр хэрээр ой, ойн баялаг хамгаалагдах юм. Ийм чухал учраас энэ аяныг дэмжиж идэвхтэй оролцож байна” гэж нутгийн иргэд ярьж байлаа.  
Хамгийн гол нь, иргэд жимсний модоо суулгах, тайралт хийх, бордох, зөв технологиор услах зэрэг анхан шатны мэдлэгийг дадлага, сургалтаар эзэмшиж чадсан нь  аяны эхний үр дүн болж байна гэдэгтээ олонхи нь санал нийлж байгаа юм. Ийнхүү “Өрх бүр жимсний аж ахуйтай болцгооё” аян амжилттай үргэлжилж олон өрхийг жимсний аж ахуй эрхлэхэд уриалан дуудаж байна. 
 
 
Аяны хүрээнд эхний жилд нийт 305 өрх айлд төрөл бүрийн жимсний суулгац тараасан бөгөөд жимсний модыг хэрхэн тарих тухай анхан шатны зөвлөмж бүхий брошур тараасан юм.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge