Хамтын менежментийн зөвлөл байгуулахаар болов | WWF

Хамтын менежментийн зөвлөл байгуулахаар болов



Posted on 07 December 2017
Санхүүжилтийн тухайд Хамтарсан итгэлцлийн сан байгуулан ажиллах боломжтой гэдгийг онцолсон байна.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Хэнтий, Сүхбаатар аймгийн удирдлагатай байгуулсан гэрээний дагуу Хар Ямаатын байгалийн нөөц газрын Хамгаалалтын захиргааны менежментийг хариуцан ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд байгаль хамгааллын ажил ид үргэлжилж байна.
Хар Ямаатын байгалийн нөөц газарт нутгийн иргэдийн оролцоотой хамгааллын менежментийн оновчтой бүтцийг бий болгож чадавхижуулах нь чухал байгаа билээ. Ийм зорилгоор Хэнтий аймгийн Баян-Овоо суманд хэлэлцүүлэг зохион байгуулж, нутгийн иргэд, аймгийн Байгаль орчны газрын мэргэжилтнүүд болон холбогдох талууд идэвхтэй оролцлоо.     
Хэлэлцүүлгийн эхэнд нутгийн иргэд болон талуудтай хамтран хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнг хэлэлцлээ. Дараа нь талууд  саналаа илэрхийллээ. Хэдийгээр нутгийн иргэдийн оролцоотой байгаль хамгаалал чухал гэдэгтээ талууд санал нийлж байгаа ч ямар арга замаар, ямар бүтэцээр хэрэгжүүлвэл илүү үр дүнд хүрэх талаар санал зөрөлдөж байв. Зарим нь менежментийн бүтцийн тухайд төрийн бус байгууллага байгуулан чадавхижуулах нь зүйтэй гэж байсан бол энэ чиглэлээр томоохон өөрчлөлт хийхийн өмнө сайн судлах хэрэгтэй гэсэн санааг ч илэрхийлж байв.     
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын хувьд тодорхой саналууд гаргасан нь талуудын дэмжлэгийг авлаа. Хэдийгээр бэрхшээлтэй асуудлууд байгаа ч эхний ээлжинд Хамтын менежментийн зөвлөл байгуулан, тэрхүү зөвлөл нь бүтцээ тодорхойлон гаргах нь зүйтэй гэсэн саналыг олонхи нь дэмжив. Санхүүжилтийн тухайд Хамтарсан итгэлцлийн сан байгуулан ажиллах боломжтой гэдгийг онцолсон байна. Энэ талаар судалгаа хийх шаардлагатай байгаа юм.
Хамтын менежментийн зөвлөл байгуулахтай холбоотойгоор ажлын хэсгийг байгуулсан бөгөөд тэд боловсруулсан төслөө 2018 оны нэгдүгээр сард болох уулзалтад танилцуулахаар болжээ.  
 
Санхүүжилтийн тухайд Хамтарсан итгэлцлийн сан байгуулан ажиллах боломжтой гэдгийг онцолсон байна.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge