Иргэд цагаан зээр агнахгүй гэсэн амлалт өгөв | WWF

Иргэд цагаан зээр агнахгүй гэсэн амлалт өгөв



Posted on 23 November 2017
1000 гаруй иргэд хамрагдсан тус аянд сумдын Засаг даргын Тамгын газар, нөхөрлөлүүд болон байгаль хамгаалагчид идэвхтэй оролцлоо.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Цагаан зээр (Procapra gutturosa) бол нүүдэллэдэг амьтад дотроос хууль бус агнуурт хамгийн их өртдөг амьтан. Сүргээрээ явдаг учир тэднийг хулгайн анчид агнах нь цөөнгүй бөгөөд энэ янзаар байвал тун удахгүй цагаан зээрийн сүрэг эрс цөөрөх аюул тулгараад байна. Иймд цагаан зээрийг хамгаалах нь нэн чухал ажил болоод байна. Энэ зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сангийн(WWF) Монгол дахь хөтөлбөрийн газар цагаан зээр хамгаалах “Янзаган хүрээг  хайрлаарай” аяныг нутгийн зүүн бүсэд буюу Хэнтий аймгийн Баян-Овоо, Батноров, Баян-Адрага, Норовлин, Биндэр, Дадал, Дорнод аймгийн Баян-Уул, Цагаан-Овоо, Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд саяхан зохион байгуулав.  
1000 гаруй иргэд хамрагдсан тус аянд  сумдын Засаг даргын Тамгын газар, нөхөрлөлүүд болон байгаль хамгаалагчид идэвхтэй оролцлоо. Зохион байгуулагчдын ярьснаар аяны зорилго нь  цагаан зээрийг хууль бус агнуураас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, эргүүл хяналтыг зохион байгуулах, цагаан зээрийг хайрлан хамгаалахад нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний  хандлагыг өөрчлөхөд оршиж байжээ.      
Цагаан зээр хамгаалах аянд хамрагдсан сум бүрт уулзалт хэлэлцүүлэг хийж энэ амьтныг хамгаалахын ач холбогдлыг ухуулан сурталчилж байв. Уулзалтад дунд сургуулийн сурагчид олноороо хамрагдсаныг зохион байгуулагчид онцлон хэлж байлаа. Мөн соёлын арга хэмжээ зохион байгуулсан. Энэ үеэр нийтийн бүжиг, цагаан зээртэй холбоотой шүлэг, дуу дуулах зэрэг сонирхолтой хөтөлбөрүүд байснаас гадна  цагаан зээрийн үнэ цэнийн тухай мэдээллийг мэдээллийн самбарт хадаж иргэдэд танилцуулж байсан юм. Мөн Дэлхийн байгаль хамгаалах сангаас хамгааллын талаар хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулсан байна.  
Түүнчлэн цагаан зээрийн махнаас татгалзсан иргэдийн амлалтыг сайн дурын үндсэн дээр олны өмнө авч байв. 200 гаруй иргэд сайн дураараа  цагаан зээрийг агнахгүй гэж амлалт өгч, бусад иргэдийг нэгдэхийг уриаллаа. Энэ арга хэмжээ нь иргэдэд  эерэг аргаар зөв мэдээлэл өгч, буруу дадал заншлаас нь салгах алхам болсон гэж зохион байгуулагчид ярьж байлаа. Иргэдийн хувьд цагаан зээр хамгаалах аяныг дэмжиж байсан бөгөөд энэ ажлыг тогтмол явуулж байж үр дүн гарна гэсэн санал хэлж байв. 
 
1000 гаруй иргэд хамрагдсан тус аянд сумдын Засаг даргын Тамгын газар, нөхөрлөлүүд болон байгаль хамгаалагчид идэвхтэй оролцлоо.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge
Цагаан зээр
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge