Онон гол бохирдох аюулаас аврагдлаа | WWF

Онон гол бохирдох аюулаас аврагдлаа



Posted on 17 July 2017   |  
Нутгийн иргэд, төрийн бус байгууллагууд “Ю энд Би” компанийн хууль бус үйлдлүүдийн талаархи бодит баримтыг шийдвэр гаргагчдад танилцуулж, тодорхой шаардлагуудыг тавьсан нь ийнхүү үр дүнд хүрч Онон гол бохирдох аюулаас аврагдлаа.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Амар мөрний эх болох Онон голын эхэнд алт олборлож байсан “Ю энд Би” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Тус  компани  үйлдвэрлэлийн бохир усаа голд хийдэг, голын гольдролыг зөвшөөрөлгүй өөрчлөх зэрэг олон зөрчил гаргаж байсны улмаас Онон голд цутгадаг зарим жижиг гол ширгэх, тасалдахад хүрээд байсан билээ. Хэрвээ энэ байдал удаан үргэлжилсэн бол олон мянган хүн, мал ундаалдаг Онон гол ч бохирдох эрсдэлтэй байсан юм. 
Нутгийн иргэдийн талархлыг хүлээсэн ийм шийдвэр гаргуулахад Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар идэвхи, санаачилгатай ажиллалаа. Европын холбооны санхүүжилтээр  хамтран хэрэгжүүлж буй  “Уул уурхайн шийдвэр гаргалтад иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, чадавхижуулах” төслийн хүрээнд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар олон нийт, талуудад чиглэсэн сургалтуудыг амжилттай зохион байгуулснаар иргэд байгаль орчны менежментийн төлөвлөгөө, хууль тогтоомжийн талаар мэдлэг, мэдээлэлтэй болсон юм. Үүний ачаар нутгийн иргэд,  төрийн бус байгууллагууд “Ю энд Би”  компанийн хууль бус үйлдлүүдийн талаархи бодит баримтыг шийдвэр гаргагчдад танилцуулж, тодорхой шаардлагуудыг тавьсан нь ийнхүү үр дүнд хүрч Онон гол бохирдох аюулаас аврагдлаа. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар цаашид  уул уурхайн шийдвэр гаргах үйл явцад талуудын оролцоог нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулахаар ажиллаж байна.   
 
Нутгийн иргэд, төрийн бус байгууллагууд “Ю энд Би” компанийн хууль бус үйлдлүүдийн талаархи бодит баримтыг шийдвэр гаргагчдад танилцуулж, тодорхой шаардлагуудыг тавьсан нь ийнхүү үр дүнд хүрч Онон гол бохирдох аюулаас аврагдлаа.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge

Comments

blog comments powered by Disqus