Хэнтий аймагтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа | WWF

Хэнтий аймагтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа



Posted on 14 June 2017
Хэнтий аймаг саяхан Ногоон хөгжилд суурилсан тогтвортой хөгжлийн бодлогын баримт бичигтэй болсон юм.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Байгаль хамгаалах ажлыг үр дүнд хүргэхэд талуудын хамтын ажиллагаа их чухал байдаг. Энэ үүднээс Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар Хэнтий аймагтай 2020 он хүртэл хамтран ажиллахаар болж санамж бичиг байгууллаа. Тус аймагт Амар мөрний эх болсон Онон гол байдаг билээ.  Санамж бичиг байгуулсан цаг үе нь ч тохиромжтой байв. Учир нь, Хэнтий аймаг саяхан Ногоон хөгжилд суурилсан тогтвортой хөгжлийн бодлогын баримт бичигтэй болсон юм.  
Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба ” Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар Онон голын сав газрыг хамгаалахад идэвхи санаачилгатай ажиллаж байгаа. Цаашид ч эрчимтэй ажиллана гэдэгт итгэл дүүрэн байдаг. Ногоон хөгжилд чиглэсэн бүхий л ажлыг бид дэмжих болно. Үр дүнд хүрэхэд хамтын ажиллагаа их чухал” гэж ярьсан бол Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын захирал Д.Батболд”Хэнтий аймаг ногоон хөгжилд анхаарал хандуулах болсонд сэтгэл хангалуун байна. Манай байгууллагын хувьд талуудын хамтын ажиллагаанд онцгой анхаардаг. Бидний хамтын ажиллагаа үр дүнтэй байна гэдэгт итгэлтэй байна” гэж ярилаа.
Хэнтий аймгийн хувьд ногоон хөгжилд чиглэсэн байгаль хамгааллын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг орон нутгийн төсөвт тусгах, байгаль  хамгаалах нөхөрлөлүүдийн санаачилгыг дэмжиж ажиллах, Хар Ямаатын байгалийн нөөц газрын менежментийг сайжруулах зэрэг ажлыг санамж бичгийн хүрээнд хийхээр болжээ. Харин Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар байгаль хамгаалах салбарын албан хаагчдыг чадавхижуулах, “Тогтвортой хөгжлийн боловсролын олимпиад”-ыг хамтран зохион байгуулах, нөхөрлөлийн гишүүдэд чиглэсэн сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн ойг хамгаалах кампанит ажлыг хамтран зохион байгуулах, ой хээрийн түймрийн хор холбогдлыг олон нийтэд таниулах, Хурх хүйтний ус намгархаг газрын менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зэрэг олон ажлыг хамтран хийхээр болжээ.   
 
Хэнтий аймаг саяхан Ногоон хөгжилд суурилсан тогтвортой хөгжлийн бодлогын баримт бичигтэй болсон юм.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge