Чоно агнахыг хориглох хүүхдүүдийн санаачилгыг Говь-Алтай аймгийн удирдлагууд дэмжлээ | WWF

Чоно агнахыг хориглох хүүхдүүдийн санаачилгыг Говь-Алтай аймгийн удирдлагууд дэмжлээ



Posted on 05 June 2017   |  
Экоклубын хүүхдүүдийн төлөөллийг Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг, Засаг дарга С.Гансэлэм нар хүлээн авч уулзан тэдний санаачилгыг бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Говь- Алтай аймгийн бөхөн амьдардаг долоон сумын экоклубын 104 сурагч, найман багш хамтран өнгөрсөн сард “Бөхөн дахиж битгий өвчлөөсэй" чуулга уулзалт хийсэн билээ. Олны анхаарлыг татсан энэ чуулга уулзалтаас гарсан тодорхой саналыг  хүүхдүүд аймгийнхаа удирдлагад саяхан хүлээлгэн өглөө. Дэлхийд нэн ховор монгол бөхөн бог малын мялзан өвчний улмаас олон мянгаараа хорогдсон явдалд сэтгэл нь зовнисон хүүхдүүд энэ асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, өөрсдийн боломжоор тодорхой ажил хийхээр төлөвлөсний эхлэл нь энэ байв. Экоклубын хүүхдүүдийн төлөөллийг Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг, Засаг дарга С.Гансэлэм нар хүлээн авч уулзан тэдний санаачилгыг бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Хүүхдүүд юун түрүүнд чонын ав зохион байгуулах ажлыг тодорхой хугацаанд хориглох хүсэлт тавьжээ. Монгол бөхөнгийн өвчлөл өвчтэй амьтдыг түүж иддэг чоно эрс цөөрсөнтэй тодорхой хэмжээгээр холбоотой учир байгалийн тэнцвэрт байдлыг хангах үүднээс энэ ажлыг хийх хэрэгтэй гэж эрдэмтэн судлаачдын зөвлөгөөнд тулгуурлан хүүхдүүд онцолжээ. Говь-Алтай аймгийн удирдлага хэдэн жилийн өмнө чонын томоохон ав зохион байгуулж агнасан чоноо хэдэн зуугаар нь төв талбайдаа ирийлгэн тавьсан гутамшигт явдал болсныг хүүхдүүд уулзалтын үеэр дарга нарт сануулж нутаг орны нэр хүндийг унагасан ийм зүйл дахиж хийхгүй байхад анхаарахыг хүсчээ.  
Хэдийгээр бог малын мялзан өвчний тархалт, эрч саарч энэ халдварт өвчнөөр бөхөн үрэгдэх нь цөөрсөн ч малчид бөхөнг халдварт өвчин тараагч хэмээн үзэн ядах нь нэмэгдсэн байна. Иймд малчдад энэ талаархи зөв ойлголтыг мэргэжлийн хүмүүсээр өгүүлэх, бөхөнгийн сэг зэмийг бүрэн устгах шаардлага гараад байгаа ажээ. Түүнчлэн бөхөнгийн бэлчээр,  хөрс ургамалд шинжилгээ хийх, хэрвээ хөрсөөр тархдаг бол хөрсийг ариутгах ажлыг хийх саналыг хүүхдүүд тавьжээ. Говь-Алтай аймгийн удирдлага хүүхдүүдийн санаачилгад үндэслэн албан даалгаврыг сумдын удирдлагад хүргүүлэхээр болсон байна.
Олны дэмжлэгийг аваад байгаа экоклубын хүүхдүүд саналаа нэгтгэн захидал болгож Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролд илгээжээ. Тэд Д.Оюунхорол сайд саналыг нь дэмжиж ойрын хугацаанд хариу өгнө гэдэгт итгэл дүүрэн хүлээж суугаа ажээ.
 
Экоклубын хүүхдүүдийн төлөөллийг Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг, Засаг дарга С.Гансэлэм нар хүлээн авч уулзан тэдний санаачилгыг бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge
Олны дэмжлэгийг аваад байгаа экоклубын хүүхдүүд саналаа нэгтгэн захидал болгож Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролд илгээжээ.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge

Comments

blog comments powered by Disqus