Экоклубын хүүхдүүд ирвэс хамгаалах ажилд идэвхтэй оролцож байна | WWF

Экоклубын хүүхдүүд ирвэс хамгаалах ажилд идэвхтэй оролцож байна



Posted on 23 May 2017
Энэ үеэр байршил тогтоогчийг (GPS) хэрхэн ашиглах зааварчилгаа өгсөн бөгөөд автомат камер тавьж ирвэсийг судлахын ач холбогдлыг эко клубын сурагчдад тайлбарлаж өглөө.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Монголчууд байгаль зэрлэг амьтнаа хамгаалах эртний уламжлалтай ард түмэн билээ. Ялангуяа хүүхдийг багаас нь зэрлэг амьтдыг таньж мэдэх, байгалийн баялгыг зохистой ашиглах арга ухаанд сургах замаар хүн байгалийн харилцан шүтэлцээг хангаж ирсэн юм. Хүүхдүүдийг байгаль хамгаалалд татан оролцуулах нь ач холбогдолтой хэвээр байгаа тул Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар судалгааны зарим ажилд экоклубын хүүхдүүдийг татан оролцуулж байна. Энэ үүднээс тус байгууллагын мэргэжилтнүүд Алтай Соёны бүс нутаг дахь  Ховд аймгийн Манхан, Зэрэг, Дарви сумдын эко клубын хөдөө амьдардаг сурагчид, байгаль хамгаалагч болон идэвхитэн байгаль хамгаалагчтай хамтран ирвэсний байршил бүхий газарт автомат камер суурилуулж ажиллав. Энэ үеэр байршил тогтоогчийг (GPS)  хэрхэн ашиглах зааварчилгаа өгсөн бөгөөд автомат камер тавьж ирвэсийг судлахын ач холбогдлыг эко клубын сурагчдад тайлбарлаж өглөө. Түүнчлэн  ирвэсийн мөр, бумбааг тэмдэглэн авч камер хэрхэн тавих аргазүйд сургасан нь хүүхдүүдийн сонирхлыг ихэд татлаа.  
Манхан сумын байгаль хамгаалагч Гантогтох” Хүүхдүүд багаасаа ховор амьтдын талаар мэдлэгтэй болж байгаа нь сайн хэрэг. Ялангуяа ирвэсийн талаар зөв ойлголттой болвол  ирвэс хүн хоорондын зөрчлийг багасгах ажилд хүүхдүүд ихээхэн тус хүргэх боломжтой юм. Ховор амьтныг хамгаалах ажилд хүүхдүүдийг оролцуулж мэдлэгийг нь дээшлүүлж байгаа  Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын хамт олонд талархал илэрхийлж байна” гэж ярьсан бол “Гүем” экоклубын сурагч Наранбат” Ирвэсийн талаар ихийг мэдэж авлаа. Хэдийгээр ирвэс малд халддаг ч энэ амьтныг яагаад хамгаалах ёстойг сайн ойлголоо. Миний аав, ээж малчин. Тэдэнд энэ талаар сайн ярьж зөв ойлголт өгөх болно. Бас ирвэсийг судлахад чиглэсэн автомат камер тавих ажил их сонирхолтой санагдсан. Бидний тавьсан автомат камерт ирвэсийн дүрс орсон байгаасай гэж хүсч байна” хэмээн ярьжээ.     
 
Энэ үеэр байршил тогтоогчийг (GPS) хэрхэн ашиглах зааварчилгаа өгсөн бөгөөд автомат камер тавьж ирвэсийг судлахын ач холбогдлыг эко клубын сурагчдад тайлбарлаж өглөө.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge