Туршлага судлах аяллаас олз дүүрэн ирлээ | WWF

Туршлага судлах аяллаас олз дүүрэн ирлээ



Posted on 19 May 2017
Энд нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай  байгуулсан гэрээний дагуу Хар Ямаатын байгалийн нөөц газрын Хамгаалалтын захиргааны менежментийг хариуцан ажиллаж байгаа билээ. Хэдийгээр төлөвлөгөөний дагуу цөөнгүй ажил хийгдэж байгаа ч хамгааллын менежментийг  нь улам сайжруулж тодорхой үр дүнд хүргэх хэрэгтэй байгаа юм. Үүнийг шийдэх нэг арга нь бусдаас туршлага судлах байдаг. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар Хар-Ямаатын байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүд болон  орон нутгийн удирдлагыг Их Нартын БНГ-т хамгааллын  ажил хэрхэн явагдаж байгаатай танилцуулах аялал зохион байгууллаа. Энд нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ.   
Аяллын эхний өдөр Их Нартын БНГ-ын Хамгаалалтын захиргааны дарга С.Амгаланбаатар өөрсдийн үйл ажиллагаа, тулгарч буй бэрхшээл, асуудлыг шийдвэрлэж буй арга замуудынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж сонирхсон асуултад хариуллаа.
Дараагийн өдөр нь байгалийн нөөц газрын дэргэд үйл ажиллагаа явуулдаг судалгааны төвийн үйл ажиллагаатай танилцаж, тус нөөц газрын хамгаалахаар сонгосон аргаль хонь (Ovis ammon), янгир ямаа (Capra sibirica pallas,1776) ажиглах аялал зохион байгуулав. Хамгаалахаар сонгосон зүйл амьтадын хамгааллын арга хэлбэр, хамгааллын менежмент, амжилт, сургамж зэрэгтэй газар дээр нь ийнхүү танилцлаа. Мөн байгалийн нөөц газрын хязгаарлалтын бүсэд нутаглаж буй айл өрхүүдийн мал болон зэрлэг амьтдын бэлчээр ашиглалт, давхцлыг хэрхэн маргаангүйгээр зохицуулдгийг мэдэж авсандаа аялагчид сэтгэл хангалуун байв. Учир нь, бэлчээрээс болж малчин өрхүүд болон хамгаалалтын захиргааны хооронд зөрчил гардаг билээ. Түүнчлэн тэд булаг шандны эхийг хамгаалахаар нутгийн иргэдийн санаачилж байгуулсан хашлага, хашаа зэргийг үзэж сонирхлоо.   
Аяллын гуравдахь өдөр Их-Нартын БНГ-ын хязгаарлалтын бүсэд амьдардаг малчин өрхүүдийн санаачлагаар байгуулагдсан нөхөрлөлүүд, малчдын бүлгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Малчдын бүлэг, нөхөрлөлүүд үйл ажиллагаанаасаа дундын сан үүсгэдэг, ажлаа сайн төлөвлөснөөр байгаль хамгааллын ажлын чиглэл давхцдаггүй, Орчны бүсийн зөвлөл байгуулсан зэрэг арга,  туршлагуудыг Хар-Ямаатын БНГ-ын орчны бүсийн сумдын удирдлагууд анхааралдаа авч, орон нутагтаа хэрэгжүүлэхээр боллоо.    
 
Энд нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge
Орчны бүсийн зөвлөл байгуулсан зэрэг арга, туршлагуудыг Хар-Ямаатын БНГ-ын орчны бүсийн сумдын удирдлагууд анхааралдаа авч, орон нутагтаа хэрэгжүүлэхээр боллоо.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge