Нүүдлийн шувуудын өдрийг өвөрмөц байдлаар тэмдэглэлээ | WWF

Нүүдлийн шувуудын өдрийг өвөрмөц байдлаар тэмдэглэлээ



Posted on 17 May 2017
Шувуу харах аяллын тусгай маршрут бий болгох, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах нь энэхүү аяллын гол зорилго байв.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Нүүдлийн шувуудын олон улсын өдрийг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар танин мэдэхүйн эко аяллын хэлбэрээр тэмдэглэлээ. Алтай Соёны бүсэд орших Хар ус нуурын хамгаалалтын захиргаатай хамтран зохиосон энэ аялалд шувуу сонирхогч 30 гаруй хүн оролцов. Төрийн болон төрийн бус байгууллага, иргэд хамтран оролцсон анхны аялал гэдгээрээ онцлог байлаа.  Аялагчдад Хар Ус нуурын  шувууд, түүний амьдрах орчинг таниулах замаар экологийн боловсрол олгох, шувуу харах аяллын тусгай маршрут бий болгох, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах нь энэхүү аяллын гол зорилго байв.
Хар ус нуур бол усны шувууд олноороо цуглардаг, Рамсарын конвенцид орсон нуур. Аялагчид нүүдлийн олон шувуудтай танилцсан бөгөөд тэдгээрийн  онцлогын талаар мэдэж авсандаа сэтгэл хангалуун байлаа. Хар ус нуурын байгалийн цогцолборт газарт 2015 онд  хийгдсэн усны шувуудын судалгааны дүнг аялалд оролцогчдод танилцуулсан бөгөөд Хотон шувууны хууль бус агнуур гарсаар байгааг онцолж энэ талаар аялагчдын санал бодлыг сонссон юм.  Аялалд оролцогчид хотон гэлтгүй бусад бүх шувууг агнахын эсрэг цахим сурталчилгааг идэвхжүүлэх хэрэгтэй гэсэн санал гаргасныг олонхи нь дэмжлээ. Түүнчлэн зохион байгуулагчид тусгай хамгаалалттай газрын үнэ цэнийн талаар аялагчдад тайлбарлаж, мөн байгаль хамгаалагч нарын ажлын  онцлог, хариуцсан газрын ан амьтан, шувуудын талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Мөн аялагчдын дунд танин мэдэхүйн болон хөгжөөнт тэмцээн зохион байгуулсан юм. Аялалд оролцсон гэрэл зураг сонирхогчдын “Өөр өнцөг” клубын залуус нүүдлийн шувуудын зураг олныг авсан бөгөөд удахгүй үзэсгэлэн гаргах юм байна.
Цаашид энэ аяллыг Ховд аймгийн аялал жуулчлалын газар хариуцаж тогтмол зохион байгуулахаар болжээ.   
 
 
Шувуу харах аяллын тусгай маршрут бий болгох, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах нь энэхүү аяллын гол зорилго байв.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge
Аялалд оролцсон гэрэл зураг сонирхогчдын “Өөр өнцөг” клубын залуус нүүдлийн шувуудын зураг олныг авсан бөгөөд удахгүй үзэсгэлэн гаргах юм байна.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge