Хууль бус агнуурын эсрэг Дэд зөвлөл байгуулж тэмцэхээр болов | WWF

Хууль бус агнуурын эсрэг Дэд зөвлөл байгуулж тэмцэхээр болов



Posted on 15 May 2017
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дэргэд Дэд зөвлөл байгуулахаар болсон нь уулзалтын гол үр дүн байлаа.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Хууль бус агнуур, амьтны эд эрхтэний хууль бус худалдаатай холбоотой хэргийг илрүүлэх нь амар хялбар ажил биш. Яагаад гэвэл, ийм төрлийн гэмт хэрэг нарийн зохион байгуулалтад орсон байдаг. Цагдаагийн байгууллага гэмт этгээдүүдийг баривчилж хөдлөшгүй баримттайгаар шүүхэд шилжүүлдэг ч зарим тохиолдолд хэрэгсэхгүй болдог жишээ цөөнгүй бий. Түүнчлэн хууль бус агнуураас урьдчилан сэргийлэх, иргэдэд энэ талын ойлголт өгөх нь маш чухал байдаг. Иймд эдгээр бэрхшээлтэй асуудлын талаар ярилцаж гарц хайх, талуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төлөөлөл оролцож  хууль бус агнуурын эсрэг тэмцэхэд гардаг бэрхшээлийн талаар илэн далангүй ярилцлаа.     
Цагдаагийн байгууллага хэрэг илрүүлээд шүүхэд шилжүүлдэг.  Шүүхээс гэмт этгээдүүдэд ял оноох гэхээр нотлох баримт дутуу, хохирлын хэмжээ тодорхойгүй байх тохиолдол цөөнгүй гардаг. Амьтны экологи, эдийн засгийн үнэлгээнд тухайн амьтныг зөвхөн эр, эмээр нь ялгаж тодорхой үнэ тогтоосон байдаг. Гэтэл агнагдсан амьтны эд эрхтэнээр хүйсийг нь ялгах боломжгүй. Үүнээс болж хохирлын хэмжээг тогтооход бэрхшээл гардаг бөгөөд зарим тохиолдолд хэрэгсэхгүй болгохоос өөр аргагүй болдог ажээ.
 Харин цагдаагийнхан ”Нотлох баримт болох амьтны эд эрхтэнийг тусгай хадгалах байргүйн улмаас заримдаа шүүх хурлаас өмнө аргагүйн эрхэнд устгадаг. Хураагдсан амьтны эд эрхтэнийг хадгалах байр улсын хэмжээнд байхгүй. Үүнийг даруй шийдэж байртай болох нь чухал” гэж онцолсон юм. Хууль, хяналтын байгууллагынхан хоорондоо мэдээлэл солилцох байдал таарууг бүгд хүлээн зөвшөөрлөө. Мэдээллийн нэгдсэн сантай болох нь үүнийг шийдэх гарц гэдэгт санал нэгдсэн юм. Мөн хүчний байгууллагуудын хамтын ажиллагааг зангидаж хууль бус агнуурын эсрэг үр дүнтэй тэмцэх зорилгоор Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дэргэд Дэд зөвлөл байгуулахаар болсон нь уулзалтын гол үр дүн байлаа. Уг Дэд зөвлөлийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар байгуулах юм байна.
 
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дэргэд Дэд зөвлөл байгуулахаар болсон нь уулзалтын гол үр дүн байлаа.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge