“Говийн гайхамшигт 6” хагас жилийн уулзалт амжилттай боллоо | WWF

“Говийн гайхамшигт 6” хагас жилийн уулзалт амжилттай боллоо



Posted on 20 April 2017
Уулзалтын нээлт
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар Монгол орны говийн зэрлэг амьтад болох хавтгай, мазаалай, тахь, хулан, монгол бөхөн, хар сүүлт,тэдгээрийн амьдардаг  экосистемийг хамгаалах, уг ажилд төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн иргэдийг татан оролцуулах зорилгоор “Говийн гайхамшигт 6” хэмээх  арга хэмжээг 2016 оны есдүгээр сарын 15,16-нд Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн Хамгаалалтын захиргааны нутагт зохион байгуулсан билээ.        
Олны сонирхлыг татсан энэ арга хэмжээний үеэр талууд говийн ховор амьтдыг хамгаалах ажилд хамтрахаар санал нэгдсэн бөгөөд энэ чиглэлээр тодорхой ажил хийхээр амлалт авсан юм. Өнгөрсөн хугацаанд талууд “Говийн гайхамшигт 6”-г хамгаалах талаар ямар ажил хийсэн, цаашид юу хийхээр төлөвлөж байгааг хэлэлцэх хагас жилийн уулзалт 2017 оны 4 сарын 18-нд боллоо.  
Талууд хагас жилийн хугацаанд их ажил хийж амжуулжээ. Ялангуяа Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар “Говийн гайхамшигт 6”-г санаачилсны хувьд илүү идэвхтэй ажилласан байна. Үүнд, “Говийн гайхамшигт 6”-тай холбоотой аливаа үйл ажиллагаанд ашиглах лого бүтээх уралдаан зохион байгуулж шалгаруулжээ. Мөн  “Монголын говийн гайхамшиг” нэртэй олон нийт, хүүхдэд зориулсан зурагт ном бэлтгэн хэвлэхэд бэлэн болгосон байна. “Тогтвортой хөгжилд залуучуудын оролцоо” сэдэвт залуучуудын чуулга уулзалтыг Говь-Алтай аймгийн 9 сумдын 100 гаруй залуучуудыг хамруулан зохион байгуулсан бөгөөд энэ чуулга уулзалтаар тогтвортой хөгжлийн үзэл санаа, байгальтайгаа шүтэлцэн амьдрах арга ухаан, говийн ховор амьтдын үнэ цэнийг сурталчилжээ.
Өнгөрсөн хагас жилийн хугацаанд нэгэн бэрхшээлтэй асуудал гарсан нь  “Говийн гайхамшигт 6”-гийн нэг монгол бөхөн бог малын мялзан төст өвчнөөр өвчилж олон мянгаараа хорогдсон явдал байв. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар үүнд анхаарал хандуулж талуудтай хамтран олон ажил хийжээ. Энэ хүрээнд нутгийн иргэдэд өвчлөлийн талаар үнэн зөв мэдээлэл өгч, сэг зэм устгалын ажилд санхүүгийн тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлсэн байна. Түүнчлэн монгол бөхөнгийн тооллогыг өвчлөл эхэлсэн үед, өвчлөл багассан үед хоёр удаа хийж төр засгийн байгууллагуудыг бодит мэдээллээр хангах ажил хийжээ.
Хагас жилийн уулзалтаар талууд хийсэн ажлаа ярьж харилцан туршлага солилцсоноос гадна ирэх есдүгээр сард болох жилийн  нэгдсэн уулзалт хүртэл хийх ажлаа төлөвлөж авлаа. Монгол бөхөнгийн тархац нутгийн зарим хэсгийг тусгай хамгаалалтад авах, түүхэн тархац нутагт нь сэргээн нутагшуулах чиглэлээр судалгаа хийхээр болжээ. Мөн Хомын талын статусыг дээшлүүлэх, Говийн Их дархан цаазат газрын Б хэсгийн газар нутгийг өргөтгөх, Тахь хамгаалах үндэсний хөтөлбөрийг Засгийн газраар батлуулах, Хавтгай, мазаалайн үндсэн амьдрах орчин болох Эхийн голын баянбүрдийг хамгаалах талаар ажлын хэсэг байгуулж, санал боловсруулан, холбогдох газраар шийдвэрлүүлэх ажлыг эхлүүлэхээр болсон байна. Хамтран хийдэг аливаа ажил явцын дунд ач холбогдлоо алддаг буруу жишиг Монголд байдаг бол “Говийн гайхамшигт 6” арга хэмжээ тэдгээрээс эрс ялгарч байгаа юм. Учир нь, талууд төлөвлөсөн ажлаа бүрэн хийснээс гадна ирэх есдүгээр сар хүртэл хийх ажлын олон санаа гаргаж уулзалтад идэвхтэй оролцож байлаа. Түүнчлэн  энэ арга хэмжээг нутгийн иргэд, ялангуяа  орон нутгийн удирдлага ихэд дэмжих болсон нь ололттой тал юм. Талууд ирэх есдүгээр сарын 15-нд Говь-Алтайд цугларч “Говийн гайхамшигт 6”-г хамгаалах талаар хийсэн ажлаа танилцуулж ярилцахаар болжээ.
 
     
 
Уулзалтын нээлт
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge
Хагас жилийн уулзалтаар талууд хийсэн ажлаа ярьж харилцан туршлага солилцсоноос гадна ирэх есдүгээр сард болох жилийн нэгдсэн уулзалт хүртэл хийх ажлаа төлөвлөж авлаа.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge