“Говийн гайхамшигт 6” хагас жилийн уулзалт болно | WWF

“Говийн гайхамшигт 6” хагас жилийн уулзалт болно



Posted on 17 April 2017
Улаанбаатар зочид буудалд болох энэ уулзалтад Байгаль орчин, аялал жуулчлалын яам, “Говийн гайхамшигт 6”-г дэмжигч аймгуудын удирдлага, байгаль хамгаалах байгууллагууд оролцоно.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар Монгол орны говийн зэрлэг амьтад болох хавтгай, мазаалай, тахь, хулан, монгол бөхөн, хар сүүлт болон тэдгээрийн амьдардаг  экосистемийг хамгаалах, уг ажилд төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн иргэдийн хүчин чармайлтыг нэгтгэх зорилгоор “Говийн гайхамшигт 6” хэмээх  арга хэмжээг 2016 оны есдүгээр сарын 15,16-нд Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн Хамгаалалтын захиргааны нутагт зохион байгуулсан билээ.    
Олны сонирхлыг татсан энэ арга хэмжээнд  Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголд үйл ажиллагаа явуулдаг байгаль хамгаалах байгууллагууд, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газрын удирдлагууд, Хустайн байгалийн цогцолборт газар, Тахийн талын тахь нутагшуулах төв, Францын тахь хамгаалах холбоо, Говийн их дархан цаазат газрын “А” болон “Б” хэсгийн Хамгаалалтын захиргааныхан оролцсон юм.    
Арга хэмжээний үеэр эрдэмтэн судлаачид дээрх зургаан амьтны ач холбогдол, үнэ цэнийг тус бүрт нь танилцуулсан бөгөөд  “ТАХИЙН ТАЛЫН ТУНХАГ” бичгийг санал нэгтэй баталж талууд тус бүрдээ хийх ажлаа төлөвлөж амлалт авсан юм. Түүнчлэн “Говийн гайхамшигт 6” нэрийн дор нэгдсэн цогц бодлого явуулснаар говь нутгийн экосистемийг хамгаалах асуудлыг ул суурьтай хөндөж, бодлого, хамтын ажиллагаа, судалгаа, хамгаалал, зохистой ашиглалтын талаар зөвлөлгөөнд оролцогчид олон нийтэд хандсан уриалга гаргасан билээ. Говийн ховор амьтдаа хамгаалахад чиглэсэн  энэ арга хэмжээг дэмжигчдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа юм.     
Өнгөрсөн хугацаанд талууд “Говийн гайхамшигт 6”-г хамгаалах талаар ямар ажил хийсэн, цаашид юу хийхээр төлөвлөж байгааг хэлэлцэх хагас жилийн уулзалт 2017 оны 4 сарын 18-нд болно. Улаанбаатар зочид буудалд болох энэ уулзалтад Байгаль орчин, аялал жуулчлалын яам, “Говийн гайхамшигт 6”-г дэмжигч аймгуудын удирдлага, байгаль хамгаалах  байгууллагууд оролцоно. Энэ үеэр “Говийн гайхамшигт- 6” хийгдсэн ажлууд, цаашдын төлөвлөгөө, “Хамгааллын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд”, “Эхийн голын Баянбүрдийг сэргээх” зэрэг сонирхолтой олон илтгэл тавигдах юм. 
 
Улаанбаатар зочид буудалд болох энэ уулзалтад Байгаль орчин, аялал жуулчлалын яам, “Говийн гайхамшигт 6”-г дэмжигч аймгуудын удирдлага, байгаль хамгаалах байгууллагууд оролцоно.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge