Залуучууд тогтвортой хөгжлийг авчирна | WWF

Залуучууд тогтвортой хөгжлийг авчирна



Posted on 14 February 2017
энэ сургалтад нийт 8 сумын 80 гаруй залуучууд оролцов.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Байгаль хамгаалах ажлыг үр дүнд хүргэхэд иргэдийн мэдлэг их чухал байдаг. Ялангуяа дэлхий нийтээрээ ногоон хөгжил, тогтвортой хөгжлийг онцлох болсон энэ үед энэ талаархи мэдээллийн үнэ цэнэ, ач холбогдол нэмэгдэж байна. Энэ үүднээс Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Говь-Алтай аймгийн Залуучуудын хөгжлийн мэргэжилтнүүдийн холбоо, Засаг даргын Тамгын газартай хамтран “ЗАЛУУЧУУД ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ АВЧИРНА” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд 2017 оны 2 сарын 9-10-нд  болсон энэ сургалтад нийт 8 сумын 80 гаруй залуучууд оролцов. Монгол Улсын ногоон хөгжлийн бодлогын талаар залуучуудад ойлголт өгөх, байгаль орчинд тулгамдаж буй асуудлуудад анхаарлыг нь хандуулах, байгалийн нөөц баялгийг зүй зохистой ашиглахад залуусын оролцоог нэмэгдүүлэх нь энэ сургалтын гол зорилго байлаа.
Сургагч багш нар тогтвортой хөгжлийн боловсрол, чиг хандлага, ногоон хөгжлийн талаархи ойлголтыг залуучуудад энгийн жишээтэй холбож тайлбарласан нь тэдний сонирхлыг ихэд татаж байлаа. Сум бүрээс оролцсон багууд тогтвортой хөгжлийн бодлогод нийцсэн төлөвлөгөө гаргаж давуу болон сул талаа ярилцаж цаашид хийж болох ажлынхаа талаар ярилцлаа.   
Сургалтын хоёр дахь өдөр байгаль орчинд тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл өгч шийдвэрлэх арга замын талаар харилцан ярилцсан нь оролцогчдыг илүү нээлттэй болгож санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгосон юм.   
Байгалийн нөөц, баялгийг зохистой ашиглах, хүрээлэн байгаа орчинд эрсдэлгүй үйл ажиллагааг дэмжих, ногоон үйлдвэрлэл, хэрэглээг төлөвшүүлэхэд анхаарлаа хандуулах ёстойг оролцогчид санал нэгтэй онцолж байлаа. Түүнчлэн сургалтаар сурч мэдсэнээ орон нутагтаа түгээн дэлгэрүүлэх хүсэл, тэмүүлэл төрснөө залуучууд онцолсон нь энэхүү сургалтын давуу тал, ололт байж чадсан үр бүтээлтэй ажил боллоо.
 
энэ сургалтад нийт 8 сумын 80 гаруй залуучууд оролцов.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge