Монгол улсад нийт 2800 гаруй зүйлийн ургамал бүртгэгдлээ



Posted on 26 August 2010  | 
'Монгол орны ховор ургамлыг хамгаалах, зохистой ашиглах үйл ажиллагааны хөтөлбөр"-ийг Монгол Улсын Засгийн газраас 2002 оны 105 дугаар тогтоолоор баталж, уг хөтөлбөрийн хүрээнд ховор ургамлын удмын санг хамгаалах, тэдгээрийн тархац нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах, нөхөн сэргээх, үржүүлэх боломжийг судлах болжээ. Монгол орны нэн ховор 127 зүйл ургамлын тархацыг ургамал газар зүйн 15 тойрогт хамаарагдах аймгуудаар ялгаж, биологийн нөөцийн үнэлгээг гаргаж, түүнд тулгуурлан хамгаалалт, ашиглалтыг зүй зохистой явуулах нэн чухлаар тавигдаж байна. Байгаль орчны яамнаас 2003 оны зун 17 аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан нэн ховор, гоц ашигт зарим ургамлын хээрийн судалгааны экспедицийг ойт хээр, хээр, цөлөрхөг хээр зонхилсон гурван бүсэд ажиллуулж, Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь аймгуудад 188 зүйл ховор, 70 зүйл нэн ховор ургамал ургадгийг тогтоосон. Мөн Төв аймгийн зарим нутгаар, Сэлэнгэ, Орхон, Булган, Архангай, Завхан аймагт 54 зүйл, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн нутагт 41 зүйлийн нэн ховор ургамал байгааг тогтоосны дотор Хангайн тойрогт 23, Монгол-Алтайн тойрогт 28, Их нууруудын хотгорт 15, Олон нуурын хөндийд 11, Говь-Алтайд 28, Алтайн Өвөрговьд 12, Зүүн гарын говьд 12 зүйлийн нэн ховор ургамал бүртгэжээ. Монгол Улсад бүртгэгдсэн нийт 2800 гаруй зүйлийн ургамлаас эмчилгээ болон хүнсний зориулалтаар ашиглагддаг ургамлын жагсаалтыг 382 зүйлээр гаргаж тэдгээрийн 195 зүйлийг хамгаалах шаардлагатай байгааг тогтоон хамгаалах чиглэлийг боловсруулсан байна.
Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь аймгуудад 188 зүйл ховор, 70 зүйл нэн ховор ургамал ургадгийг тогтоожээ
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge

Comments

blog comments powered by Disqus